Үндсэн цэс

Холбоосууд

president_banner

parl_banner

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn


Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Эх сурвалж Монголын Хуульчдын холбооны цахим хуудас

Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум хамтран Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн үр нөлөөг үнэлэх зорилгоор багц хуулийн хэрэгжилтэд хийсэн бодлогын дүн шинжилгээ, судалгааны үр дүнг танилцуулах  “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны хоёрдугаар сар 26-нд Хуульчдын танхимд зохион байгууллаа.

     Хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн удирдагч П.Бадамрагчаа нар удирдан явуулсан бөгөөд  доктор, дэд профессор О. Мөнхсайхан “Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь” болон “Шүүхийн захиргааны тулгамдсан асуудал ба шийдвэрлэх арга зам” сэвдээр  “Оюуны Инноваци” эрх зүйн судалгааны төвийн судлаач П.Баттулга “Шүүгчийн томилгооны өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр, судлаач П.Цэцгээ “Шүүгчийн хараат бус байдлын баталгааны хэрэгжилт” сэдвээр, судлаач Ж.Бариаширсүрэн “Шүүхийн тогтолцоог өөрчлөх бодлогын шийдвэрийн хэрэгжилт” сэдвээр хийсэн судалгааны дүнгээ танилцуулж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Энэ үеэр доктор, дэд профессор О. Мөнхсайхан “Монгол Улсын шүүхийн захиргаа, менежмент, хариуцлага тооцох зэргийг нэг институцид багтаадаг нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлж буй томоохон хүчин зүйл” хэмээлээ. Мөн судлаач П.Баттулга “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний тоо хэт бага байгаа нь эргээд хараат бус байдалд нөлөөлж байна” гэв.

        Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс “2013 онд Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуулийг баталж, шүүх эрх мэдлийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалтыг шинэ түвшинд гаргасан. Гэсэн хэдий ч шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаа, шүүгчид нэр дэвшигчдийг үнэлэх арга, ажиллагаа нь бодит шалгуурт үндэслэж чадаагүй, шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагааг албан тушаалтан өөрийн үзэмжийн хүрээнд шийдвэрлэх бололцоо байсаар байна” гэдгийг уламжилж байлаа. Түүнчлэн Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосны дагуу шүүгчийг томилдог байтал, Шүүхийн захиргааны тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг мөн адил томилж байгааг шүүмжилж байв.

        Үүнийг зэрэгцээ шүүхийн шинэтгэл, шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн дагуу шүүгч хугацаагүй томилогдох зарчим зөрчигдөж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх, өөрийнх нь саналыг үл харгалзан өөр шүүхэд шилжүүлсэн явдал нь шүүгчийн албан тушаал эрхэлж буй хуульчдын хараат бус байдал, нийтлэг эрх ашгийг хөндсөн, цаашид ийм жишиг тогтоох ноцтой үр дагавартай болохыг ч онцолсон юм.

        Хуульчдын холбоо шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудалд онцгойлон анхаарлаа хандуулан ажиллаж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчдын санал болон судлаачдын дүн, шинжилгээ нь цаашид Хуульчдын холбоог өөрсдийн байр сууриа хадгалж, тууштай ажиллахад түлхэц болох юм.