Үндсэн цэс

Холбоосууд

president_banner

parl_banner

http://www.legalinfo.mn/

http://www.pmis.gov.mn/

www.open-government.mn


ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙ-2016” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2016 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Сингапур улсын Дээд шүүх болон Гэр бүлийн шүүхээс зохион байгуулсан “Гэр бүлийн эрхзүй-2016” олон улсын бага хурал болон “Эцэг эхийн аль нэгний зөвшөөрөлгүйгээр хүүхдийг хил дамжуулан авч явах Гэр бүлийн эрх зүйн маргаан: Даяарчлагдсан нийгэм дэх гэр бүлийн маргааны чиг хандлага” сэдэвт симпозиумд Монголын шүүгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нар оролцлоо. 

1.    2016 оны 9 дүгээр сарын 26-27-ны өдрүүд

“Эцэг эхийн аль нэгний зөвшөөрөлгүйгээр хүүхдийг хил дамжуулан авч явах Гэр бүлийн эрх зүйн маргаан: Даяарчлагдсан нийгэм дэх гэр бүлийн маргааны чиг хандлага” сэдэвт симпозиум

Уг Симпозиумын хүрээнд 1980 оны “Хүүхдийг байнга оршин суугаа газраас нь зөвшөөрөлгүй авч явах /abduction/ хэргийг иргэний шүүхээр хянан шийдвэрлэх тухай” Гагийн конвенци болон 1996 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Хүүхэд хамгаалах арга хэмжээ, эцэг эхийн хариуцлагатай холбоотой шүүхийн харьяалал, хэрэглэх хууль, шүүхийн шийдвэрийг харилцан хүлээн зөвшөөрч биелүүлэх, харилцан хамтын ажиллагааны тухай Конвенцийн ач холбогдол, гүйцэтгэх үүрэг роль, хэрэгжилтийн байдал, цаашид тулгамдаж буй асуудлаар илтгэл хэлэлцүүлэг явуулж тодорхой хэргийн тохиолдол дээр бүлгийн ярилцлага хийв.

Уг симпозиумд Австрали, Шинэ зеланд, АНУ Англи Герман Япон Хонг Конг Вьетнам Малайз Тайланд улсын болон Сингапурын Дээд шүүх, Гэр бүлийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид Гагийн конвенцийн Ерөнхий нарийн бичгийн дарга ахлах ажилтан, дэлхийн нэртэй их дээд сургуулиудын хуулийн болон нийгмийн ухааны эрдэмтэн профессорууд оролцлоо.

Дэлхийн эдийн засгийн даяаршилтай холбоотойгоор хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэхийн хэрээр гадаадын иргэдтэй гэрлэх гэрлэлт тэдний гэр бүлээс төрсөн хүүхдийн тоо эрс нэмэгдэж үүнтэй зэрэгцэн эцэг эхийн аль нэгний зөвшөөрөлгүйгээр хүүхдийг гадаад улс руу авч явах хэргийн тоо ч жил бүр нэмэгдэж байгааг цохон тэмдэглэв.

 Эцэг эхийн аль нэгний зөвшөөрөлгүйгээр гадаад улс руу авч явсан хүүхдийг нутагт нь буцааж авчрахтай холбоотой хэргийн шүүхийн харьяалал, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрх ашгийг тодорхойлох асуудлаар шүүгч нар болон судлаачид үзэл бодлоо солилцож тодорхой хэлэлцүүлэг хийсэн.

Уг асуудлын хүрээнд хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд тавих, өөр улс руу зөвшөөрөлгүй авч явахаас урьдчилан сэргийлэх, хүүхдийг буцаан авчрах арга зам, шүүх хоорондын харилцааны асуудлыг хөндөж тавилаа.

Мөн Конвенцийн гишүүн орнуудаас гадна гишүүн бус орнуудын хувьд ч дээрхи конвенцийн үзэл санааг зөв тодорхойлох, хэрэглэх боломжийн талаар авч хэлэлцсэний дээр хүүхдийг буцаан авчрах шийдвэр гаргах, шийдвэрийг биелүүлэхад харгалзан үзэх нөхцөл байдлыг тухайлан авч хэлэлцэв.

Хүүхдийг байнга байгаа газраас нь авч явахыг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үздэг бөгөөд энэ тохиолдолд уг хүүхдийн эцэг эхийн асуудлыг онцгойлон авч үзэх шаардлагатайг тэмдэглэж байлаа.

2.    2016 оны 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүд

“Гэр бүлийн эрх зүй-2016” Олон улсын бага хурал

“Гэр бүлийн шүүхийн ирээдүй: Олон улсын болон салбар хоорондын харилцаа, чиг хандлага” сэдвээр нийт 5 үндсэн хуралдаан, 2 салбар хуралдаантайгаар явагдлаа.

Уг бага хуралд Австрали, Шинэ зеланд, АНУ Англи Герман Япон Хонг Конг Вьетнам Малайз Тайланд улсын болон Сингапурын Дээд шүүх, Гэр бүлийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид Гагийн конвенцийн Ерөнхий нарийн бичгийн дарга ахлах ажилтан, дэлхийн нэртэй их дээд сургуулиудын хуулийн болон нийгмийн ухааны эрдэмтэн профессорууд оролцлоо.

Олон улсын гэр бзрийн эрх зүйг улс бүр өөрийн орны албан ёсны шүүхдээ болон гэр бүлийн хэргийг шийдвэрлэдэг дагнасан шүүхтэй болох, гэр бүлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хөгжих хандлагатай байгааг тэмдэглэн хэлж байна. 

Олон улсын гэр бүлийн эрх зүйн хамрах хүрээ, ирээдүйн чиг хандлага, дэлхийн гэр бүлийн шүүхийн тогтолцоо, тулгамдаж буй асуудал, хамтран амьдрагч /couple/ этгээдүүдэд олон улсын эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх зэрэг асуудлыг хамруулсан.

Гэр бүл цуцлах маргаанд хүүхдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн олон улсын хэм хэмжээ, үндэсний зохицуулалтын талаар улс орон бүрийн шүүгч, практик ажилтнууд илтгэл хэлэлцүүлсэн.

Мөн энэхүү олон улсын бага хурлаар Гэр бүлийн эрх зүйн болон нийгмийн шинжлэх ухааны харилцан холбоо, тэдгээрийн гүйцэтгэх үүргийн талаар дэлхийн нэртэй их дээд сургуулиудын эрдэмтэн профессорууд өөрсдийн судалгаа, тоо баримтад тулгуурлан сонирхолтой илтгэл тавьсан. Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх нь зөвхөн хууль эрх зүйн асуудал бус үүнд шүүхийн сэтгэц гэм судлал, сэтгэл зүй зэрэг нийгмийн шинжлэх ухааны онол, судалгаа чухал үүрэгтэй талаар ярилцсаны дээр гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт үйлдэлд уруу татах зэрэг сөрөг үйлдлүүдээс хүүхдэд үзүүлэх хор уршиг, нөлөөллийн талаар мэдээ баримттай хэлэлцүүлэг хийсэн.

Мөн Гэр бүлийн эрх зүйн асуудлыг зөвхөн гэр бүл цуцалснаар зогсохгүй цуцалснаас хойш хүүхдийн бие эрүүл мэнд Сэтгэл зүйд бага хохиролтойгоор шийдвэрлэхэд шүүхийн гүйцэтгэх үүргийн талаар ярилцлаа.

Уг хэлэлцүүлгээс дүгнэвэл гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмаар явуулж байгаад шүүмжлэлтэй хандах шаардлага үүсч байгаа болон хүүхдэд асран хамгаалал тогтоох, хүүхэдтэй уулзах зэрэг асуудлаар шүүхээс явуулах үйл ажиллагаа нь бусад хэргүүдээс онцлогтой болохыг цохон тэмдэглэж байв. Энэ чиг үүрэгтэй холбоотойгоор гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинэтгэл явуулж байгаа талаар улс орны төлөөлөгч нар танилцуулга хийж байлаа.